Wednesday, October 12, 2011

Монгол гэдэг нэрийн тухай

Монгол гэдэг нэрийн тухай
     Аливаа улс үндэстний нэр бүхэн цаанаа их нарийн учир утгыг агуулсан, түүхийн урт удаан замыг туулсан байдаг. Жишээлбэл, Хэл шинжлээчид зарим угсаатан үндэстний нэрийг тайлбарлахдаа, немец гэдэг нь Чехүүд германчуудтай нэг дор нутаглаж байхдаа тэднийг “Немой” буюу “Хэлгүй” хүмүүс гэснээс Немцүүд, Христофр Колумб, Америкийн уугуул ард түмнийг Энэтхэгчүүдтэй эндүүрч байснаас Индианчууд гэж нэрлэсэн гэж үздэг. Нэг угсаатан, үндэстэн олон нэртэй байх ч тохиолдол бий. Тухайбал, XII зууны нүүдэлчид Өмнөд хөршөө Нанхиадууд (Өмнө зүгийн хүмүүс), гэж нэрлэж байснаа үндэс угсаа, хэл соёлоо умардсан Хятангуудыг ёгтолж Хятадууд гэж нэрлэжээ, Оросууд Монголчуудаар дамжуулан тэдэнтэй харилцах болсноор Китай гэж тус тус нэрлэх болсон. Хятадууд өөрсдийгөө эрт үеэс ХХ зууныг хүртэл ээлж дараалан оршин тогтнож байсан 24 их гүрнийхээ хамгийн хүчирхэг гүрэн болох Хань улсын нэрээр нэрлэхээс гадна ертөнцийн төв хэмээн Жунь-Го улс гэж нэрлэдэг бол XYII зууны үеийн Манж Дай Чинь улсын нэрээр өрнө дахин тэднийг China гэх болжээ. Энэ мэтээр соёл иргэншилтэй улс үндэстэн зэргэлдээ орших овог аймгуудыг доромжилсон утгаар, мөн өөрсдийн үзэмжээр янз бүрээр нэрлэсэн нь байдаг. Өвөрмонголчууд ч үүнийг тойрон өнгөрсөнгүй. Эртний Хятадууд өөрсдийн түүхэн зохиолуудад Хунну (зэрлэг боолчууд), Гоужун (Нохой эртэн), Дунху (Дорнодын зэрлэгүүд), Жуань жуань (өт хорхой) гэх мэт нэрс олон тэмдэглэгдсэн байдаг.Гэтэл Монгол гэдэг нэр хэдий үеэс гарч ирсэн хаанаас бий болсон ямар утгатай юм бол? Үүнийг тайлбарласан судлаачдын санал хуваагдсан хэвээрээ л байна. Маш их олон санал байдгаас ихэнх судлаачид 3 саналыг нилээд үнэнд ойр хэмээн үзэж шинжилгээ хийж байна. Ямартаа ч Хятадын түүхийн эх сурвалжид монгол гэдэгтэй адил аялгуу ханз үсэг нь Тань улсын үед (618-907) Мэн-У, Мэн-Ва, Мэн-Гу гэсэн янз бүрийн хэлбэрээр бичигдэн үлджээ. Ялангуяа Хуучин Тан-шу сударт “Их Шивэйн олон аймгуудын бүрэлдэхүүнд багтдаг Хянганы уулсын зүүн талаар нутагтай Мэн-У нь Шивэйн аймгуудын зонхилох овог” гэж тэмдэглэгдсэн байна. Энэ мэдээнүүдийг нэрт түүхч Г. Сүхбаатар багш нягтлан үзээд, Монгол гэдэг нэр нь Тоба улсын хаанд баригдсан Мугулюй хэмээх хүний нэрний үндэс байж болох юм гэж үзсэн ч энэ асуудлыг цааш нь нарийвчлан судалсан судлаачид одоогоор алга байна. Ихэнх судлаачид Монголын олон овог аймгуудын нэрийн гарлыг тэдний нутагладаг гол ус, уул нурууны нэрнээс мөшгөн хайх боломжтойг нэгэнт тогтоожээ. Тухайлбал, Улх голоос Улхнууд, Салж голоос Салжууд, Сяньби уулаас Сяньби үүссэн гэдэг. Үүнээс үндэслэн “Мон” гэдэг язгууртай уул усыг судлаачид эрж хайж чамгүй тийм нэр язгууртай уулс усны нэрсийг цуглуулжээ. Үүнд Өвөрмонголд Мана болон Муна уул, Хэнтийд Моен гол гэх мэтийг хэлж болно.   Харин Мон-гол гэдгийг тэр үед “Мон” гэж нэртэй аймаг нь олон овог аймагтнуудыг нэгтгэхэд их үүрэг гүйцэтгэсэн учир “Гол” аймаг-улс гэснээс “Монгол” хэмээх нэр үүссэн гэж ихэнх судлаачид одоогоор тайлбарлаж байна. Үүнийг батлах Монгол маш их түүхэн эх сурвалжууд байдгаас Рашпунцагийн “Болор эрхи” зохиолд “.. Эх улсыг зовон зөхөж зонхилон хураахад хүчээ үлэмж өгсөн Молор эрдэнэ мэт бидний /Бида/ улсад Моен үзтэл зовоход нь ерөнхий гол болсноор хөдлөхийн дээд хөх Монгол  гэв” гэж дурьдсан байна. Судлаачид Бида улс гэдгийг Монгол гэдэг нэр болохоос өмнөх овог Монголчуудын өөрсдийнх нь нэр гэж үздэг юм.